Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын биржүүдэд бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханш 2026 он гарсаар дийлэнхдээ өсөлттэй байна.
Тухайлбал, Rio Tinto группийн хувьцааны ханш он гарснаас хойш Австралийн Хөрөнгийн биржид бараг 10 хувийн өсөлт үзүүлээд буй. Түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд 36 орчим хувиар өссөн нь бүртгэлтэй биржийнхээ жишиг индексийг өсөлтөөрөө илүүрхсэн үзүүлэлт юм.
Сүүлийн нэг жилд “Rio Tinto”-ийн зэсийн нэгжийн гүйцэтгэл таваарын үнийн өсөлттэй холбоотойгоор огцом сайжирсан нь хувьцааны ханшид ихээхэн дэмжлэг болжээ.
Үүнээс гадна “Mongolian Mining Corporation“-ийн хувьцааны ханш 21 хувийн өсөлттэй байна. Хоёрдугаар сар гарснаас хойш компанийн хувьцааны ханш нэлээдгүй өндөр савлагаатай байгаа. 2025 оны нүүрсний үнийн уналт болон бонд эргүүлэн худалдан авалт нь тус компанийн ашигт ажиллагаанд цохилт болох төлөвтэй байгаа аж.