ЕСБХБ-аас 2026 болон 2027 онд Монгол Улсын эдийн засаг 5.5 хувиар өсөх төсөөллийг танилцууллаа. Өнгөрсөн онд дотоодын эдийн засаг хөдөө аж ахуйн салбар сэргэснээр 6.8 хувиар тэлж, тус банкны төсөөлж байснаас 0.4 нэгж хувиар өндөр өсөлт үзүүлсэн. Хэдий тийм боловч богино хугацаандаа бага зэрэг саарахаар байгааг тайланд дурджээ.
Өнгөрсөн оны тавдугаар сард ЕСБХБ Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлтийг 0.5 нэгж хувиар бууруулж, 5.5 хувьд авчирсан ба сүүлд нийтэлсэн тайландаа энэ төсөөллөө хэвээр үлдээжээ. Харин Монголбанкнаас 2026 оны өсөлтийг 5.6 хувьтай байхаар төсөөлсөн байгаа юм.Эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдээс удааширхаар байгаа ч уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, газрын ховор элементийн төслүүдийг хөгжүүлэх нь өсөлтийг хурдасгах томоохон хүчин зүйл болохыг ЕСБХБ тодотгосон юм. Харин Хятад улсын эрэлтийг тойрсон тодорхой бус байдал нь эсрэгээрээ эдийн засгийг удаашруулах гол эрсдэлд тооцогдож байна.
Төв Азийн бусад улс орнуудын төсөөлөлтэй харьцуулж үзэхэд Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт харьцангуй бага байгааг тайлангаас харж болно. Тухайлбал, Киргизстаны эдийн засаг энэ онд ес орчим хувиар, 2027 онд долоон хувиар өснө гэж ЕСБХБ-наас тооцоолсон. Түүнчлэн Узбекистаны ДНБ энэ онд 6.5 хувиар, ирэх онд зургаан хувиар тус тус өсөх хүлээлттэй байна.
